Дурлалынхаа жинхэнэ амтанд нь согтуурч
Дууныхаа соньхон аялгуунд нь хөлчүүрч
Дун цэнхэр тэнгэрийнхээ тухай
Дуулим цагаан талыхаа тухай
Дуут өндөр сарьдагынхаа тухай
Дуулах хүслэн надад төрж байна
Гүн зузаан хөвчийхөө тухай
Гүйдэлгүй жороо мөрөн голийхоо тухай
Алдалсан ч үзүүр нь үзэгддэггүй хадагныхаа тухай
Асгасан ч сав нь цагаан үлддэг сүүнийхээ тухай
Уурласан ч зэвсэгээ үзүүлдэггүй харцынхаа хүүдийн тухай
Уйлсан ч нулимсаа үзүүлдэггүй хар нүдэтнүүдийнхээ тухай
Хүний зовлон шингэсэн чулуу бүхний тухай
Хүслийн дээж шингэсэн найргаараа би дуулнам
Хаана чи төрсөн юм бэ гэж
Хатан дэлхий чи асуу
Хамгийг захирдаг омог дүрээрээ
Хавтас нээгээд асуу
Александер Дюмагаас асуусан шигээ асуу
Альшарновыг залууд нь асуусан шигээ асуу
Хаан судар бичсэн Предюсийг харангадуулсан шигээ асуу
Ханасан цэнгэлээс Пушкинийг хагацаасан шигээ асуу
Үлэмжийн их Байроныг үхүүлсэн шигээ асуу . . .
Энүүнд чинь би гав ганцаарааҮй түмэн шиг хариулъя
Ази тивд би төрсөн юм
Ази тив миний нутагаа
Аварга энэ орчлонгын хаанаас нь ч ахиад олдошгүй
Ази миний нутаг ..
Арван галавын дэнсэн дээр
Арчигдаж хусагдаж явсан
Азаар дульхан дөрвөн тивийн
Альныг ч би тоож төрөөгүй юм
Амьсгалахад агаар нь чөлөөтэй гэж
Амьдрахад газар нь чөлөөтэй гэж
Амсахад айраг нь амттай гэж
Амархад алтанхан шороо нь зөөлөн юм гэж
Дуулахад хуур нь хөгтэй юм гэж
Дурсахад хуучин түүх ихтэй юм гэж
Дурлахад хүүхэн нь үнэнч юм гэж
Дуулимхан Азид миний бие мэндэлсэн юм
Ази тив намайг Австрали тив шиг
Араатан амьтнаар Айлгалгүй хүлээж авсан юм
Ази тив намайг Америк тив шиг
Алтан зоосонд Алга тосуулалгүй хүлээж авсан юм
Ази тив намайг Африк тив шиг Ангаан цангаалгүй
Амраглан тэвэрч авсан юм
Ази тив намайг Адгийн европ шиг Алалганд дуудалгүй
Алгаа тосож хүлээж авсан юм
Хүний уужим сэтгэл шиг хүй цагаан талд нь
Хүү нь юм шиг дэлчигнэнхэн байж
Шунхан улаан хаяатай манхан цэнхэр тэнгэрт нь би
Шувуу нь юм шиг шулгананхан байж
Захгүй талын модон болсон
Зааны сүүл шиг нууранд нь
Загас нь юм шиг шумбанхан байж
Орчлон их дэлхийг тойрч явсан
Ороо морьдын зоон дээр би
Онгон сахиус шиг дөрөөлөнхөн байж
Азын алтан шооны арван цагаан нүдэн дээр
Ам цагаан хулганы асаасан галын дөлөн дээр
Есөн цагаан мэнгэний нүх таарууланхан төрсөн юм би
Ертөнцийн гуа хүүхнүүдийн нүд дагууланхан өссөн юм би
Усан намаг бамбалзаагүй уужим энэ их Азийн тал
Утаа тортогт бөрөлзөөгүй урьхан хонгор миний тал
Улсын нуруу бөмбөлзөөгүй угаас чөлөөт Монголын тал
Ухааныг минь тэлэн тэлэн өсгөсөн
Уяхан замбуу тивийн минь тал нутагаа
Хомбон туурайт морьдын
Хурдан хөлөөр бутарсан
Цахиур хар чулуу
Цагаан толгойт таана
Газар тэнгэрийг холбосон
Гандирсын уран балгас
Галбын улаан тэмээгээр
Ганхуулж явдаг нутаг
Хужир шүүгээр захалсан хуурай нуурын хонхор
Аварга матрын арьс шиг арсайн хатсан шавар
Цагын саалтанд бөхөлзсөн цагаан дэрсний түрүү
Царцаа дэвхрэг шаагсан цайдам өргөн хөндий
Дун цагаан хоньд минь дураараа бэлчдэг талбай
Дуучин Монгол бэр минь дуулж суудаг талбар
Алчуур шилбүүр хоёрын алдрын нь авсан удам
Арван есөн зууныг айрагдаж өнгөрөөсөн омог
Хорвоогийн эрээн амьдралыг хорин живаа жилийг
Хоёр хялгасандаа багтааж хоолой мэдэнхэн дуулдаг
Энэ хорвоод хосгүй эсгий туургатны нутаг
Эрээн алаг лимбэний эгшиг шингэсэн
Ази Ази тив шиг уужим тив алтан дэлхийд байна уу
Азийн тал шиг тал ахиад цаана нь байна уу
Талийн хар нүдэн шиг танхилхан зоримог охидыг
Энүүнээс өөр дөрвөн тивд үзээд өгье ,дахиад байна уу
Өсөн хөлжих тусмаа өндөр болохыг хүснэ би
Өнөр баян Азийнхаа уулс шиг өсөхийг хүснэм би
Орчлон их дэлхий дээр оргил булаалдах ижилгүй
Омог сүрээрээ мандсан Гималай шиг болохыг хүснэм би
Түмэн жилийн цас мөс шиг түүх намтраа бууралтуулан
Тэргүүн дээрээ өргөн өргөсөөр тэнгэрт тулахыг хүснэм би
Алдартай явсан өвгөдийнхөө алдрыг дуулахыг хүснэм би
Аварга энэ орчлонг уяртал аялан дуулахыг хүснэм би
Хэрлэн гоожийн хөндийд хэнд ч мэдэгдэлгүй хадгалсан
Баатар Чингисийн шарилаар
Бахархан байж дуулнам би
Цэнхэрхээн тэнгэртээ цэцэн цэлмэг миний Ази
Түүхээн бүтээсэн
Түмнээ замчилсан
Цал буурал алдартнуудыг
Цагын саалтанд мартдаггүй юм
Хас төр нь уналаа ч
Хаадаан бид муулахгүй
Хальтирч гарсан алдааг нь
Харааж байхыг нь дуулаагүй
Анхны сумаар онох гэж европ шиг бид онгирохгүй
Алдаж байж онодог ёсыг бид андахгүй
Их ололтыг дагаж их алдаа явдаг юм
Их хүний алдааг иргэн хүн шүүдэггүй юм
Уламжлалт ийм заншилтайгаас
Уудам дэлгэр миний Ази
Урт удаан түүхэндээ
Ухаантан олныг төрүүлсэн юм
Урьдын тэр мэргэдийн
Удам болж төрсөн юм би
Туулж өнгөрүүлсэн амьдралынх нь
Туурийг хатаахаар өссөн юм би.....
Comments
Post a Comment