Skip to main content

Ц.Хулан "Аавдаа"

Сайхан залуу аавынхаа тэргүүнд буурал орсныг анх үзээд
Саваагүй томоогүй хүүхэд насаа би тэр жилийнх нь шувуудтай хамт буцаасан
Санчиганд нь нэмэх мөнгөн сорны тоолон жаргаандаа тэгвэл гэхэд
Сансанаар даанч болохгүй явна ааваа
Бүүвэйт хонгор ижийн тухай дуу мэдээж олон
Бүдэгхэн гардаг зураг шиг, санаатай хийдэг алдаа шиг
Бүхий л орчлонд харин аавын ач гэж дуулдаггүй
Бүгдийнх нь аав ямар миний аав шиг бишдээ
Амттан зөөлөн хоёроор бялууруулдаг муу ижий минь
Айлын тавагнаас чихэр хармайлж шараа болгоно
Аав минь тэгэхгүйээ
Алаг чулуу хээрээс хормойлж хүүдээ зүслүүлнэ.
Алсын замд уулсын нэр тогтоолгож ухаан нэмнэ
Ээдрээт мянган харгуй төрсөн гэрийн гаднаас эхэлж
Эмээл дээрээ соёмботой унаган хүлгийн нуруунд анх гарахад
Сансарт хүүхэд нь нисэх юм шиг санаж ээж нар цацлаа өргөж гүйлддэг
Саахалт ороод эргэх юм шиг санаж аав нар духыг нь ганц үнэрлэдэг
Адгаж ижий нар өдөржин радио шиг үглэнэ
Амьдралд зөвхөн үнэнийг хэлэх гэж аав нар сумын үүзэл шиг хаа нэг дуугарна
Бие өвдлөө гэж ээж нар хүүхдээ аргагүй нэг айлгадаг
Битүүхэн дотроосоо нурж аав нар чимээгүйхэн өтөлдөг
Үхэж болохгүй тушаал авсан цэрэг шиг тэд
Үрс нь хөлөө олтол цоо эрүүл болж жүжиглэдэг
Ачийг тань хариулна гэж би олон жил худлаа ярьлаа
Ачийг нь гаргаж өгчхөөд харин нэг их гавъяатан шиг
Сөөг сөөг гэж хэвтүүлээд номхон тэмээг ноолуулах мэт
Сөөсгөр хэдэн бацааны өмнө хөгшин аавыгаа мөлхүүллээ
Гараа өргөж дайсандаа үг дуугүй бууж өгөх мэт
Гарцаагүй том алгаа дэлгэж та тэднийгээ хөтлөнө
Гариг дэлхийд уянгатай ийм найрагч байтлаа
Гангансан хэдэн зээтэйгээ хэдэнтэй хэлд орно
Гадаа нь навчис унаж, он жил биднийг унасан навчис шиг орхиж
Гайгүйдээ би аавыгаа жаргааж амжина гэж өөрийгөө хуурна
Ганцхан зүрхний тань цохилт намайг зэмлэн лугшиж
Газар дээр аав минь хүртэл мөнх бусыг сануулдаг аа
Хазайлгаж болохгүй титэм шиг нэрээр чинь би овоглосон
Халуун зүрхний уярал хайр, гунигыг чинь хүртэл өвлөсөн
Өргөстөй орчлонд бүдчээд үйлж суухын цагтаа хүү нь
Өлгийг минь сийлсэн аавтай болохоор амьд явж чаддаг аа.

Comments

Санал болгох нийтлэлүүд

Пунцагийн Бадарч "Есөн эрдэнийн орон"

Ивээлт, нарны нь цацрал алтан эрдэнэ Ижий таны минь цацрал мөнгөн эрдэнэ Илчит улаан гал нь шүрэн эрдэнэ Идээшиж суусан гэр минь танан эрдэнэ Эрхэс наадах тэнгэр нь номин эрдэнэ Энгүй өргөн тал нь номин эрдэнэ Энх үүрийн туяа нь зэс эрдэнэ Эгэлхэн бүсгүй нь гоёл сувд эрдэнэ Эрэлхэг ард түмний нь эв ган эрдэнэ Эх орон та минь есөн эрдэнэ. 1 Эргэх их дэлхийн уул ус нь тэгшхэн Илч гэрлийн гайхамшиг мандсан нар алтан билээ Энгүй өргөн талын шимт хөрсөнд төлжиж Эрдэнийн түрүү сусруулсан амуу тариа алтан билээ Энэ сайхан монголын удам залгасан бүл Энхрий хос амрагийн дурсгалын бөгж алтан билээ Асар гэгээн нар нь алтан Ачит төрийн сүлд нь алтан, Арвайн түмэн түрүү нь алтан Амраг хосын дурсгал нь алтан, Миний эх орон алтан эрднийн билээ. 2 Саваа дүүрэн мэлтэлзэх Онон, Хэрлэнгйин урсгал Сартай шөнөөр ажихад мөнгөн хээтэй байв Саалийнхаа дээжийг өргөж, аянд хүүгээ үдсэн Санаа нь сүү эхийн, цацлын халбага мөнгөн байв Сайны ерөөл тогтоож хоёр гардан барьсан Сайхан хос з...

Цэвэгмэдийн Гайтав (1929-1979)

Ц.Гайтав 1929 онд Өвөрхангай аймгийн богд сумын нутагт малчны гэрт төржээ. Бага дунд сургууль, санхүү эдийн засгийн техникум, УБДС төгсжээ. Ц.гайтавын <<Шүлгүүд>>, <<Улаан туг>>, <<Гэрэлт хөшөө>>,<<Карл Маркс>>, <<Сайхан эх орон>> зэрэг шүлэг найраглалын 30 гаруй ном хэвлэгдсэн юм. Шилдэг бүтээл туурвисан учир 1961 онд БНМАУ-ын төрийн шагнал, 1967онд МЗЭ-ийн шагнал, 1971 онд МХЗЭ-ийн шагнал, 1979 онд БНМАУ-ын соёлын гавьяат зүтгэлтэн цол хүртжээ.

Р.Чойном "Үг"

Хэн хүнтэй үг ярина гэдэг Хэрэг дээрээ тулалдаан юм. Халуун хүйтэн ямар ч зэвсгээс Хатуу зөөлөн үг хүчтэй. Үгээр хүнийг захирч болно Үхүүлж ч болно сэхээж ч болно. Шалдлуулж, инээлгэж, уйлуулж болно. Шархлуулж бас эдгээж болно. Ярина гэдэг харин чанга дуугарахын нэр биш Яруу уран илтгэхийн нэр биш Гал шиг бадарч ус шиг урсгахын нэр биш Гагцхүү зөв сэтгэж, зөв дуугарахын нэр. Эсрэг талаа судлалгүйгээр Эхэлж тулаанд ордоггүйн адил Ярьж байгаа хүнээ мэдэлгүйгээр Ямар үг түүнд тохируулах вэ. Арслан заан шиг лут этгээдийг Ангийн калибр шиг үгээр загатнуулах ч үгүй. Танк эсэргүүцэх буу шиг хүчит үгээр бөмбөгдвөл Тарвага шиг хүнээс юу нь үлдэх вэ. Эхээс төрөхийн цорын ганцхан Эвхмэл хутга шиг яриатай хүнийг Дамаскийн илд шиг сүрт үгээр Далайсны гарз шүү дээ. Байлдааны хуягт шиг хүний урьдаас Банз мод шиг үг хэлэх Барын урдаас Балиус барьсантай ижил.